МЭНДЧИЛГЭЭ

Анх 1965 онд Бурхантын хөндийд Дарханы Дулааны цахилгаан станц  ашиглалтанд орсноор түүний харьяанд “Дулааны шугам сүлжээний цех” байгуулагдаж 2 Гкал/ц-ийн дулааны хэрэглээтэй, 1-р хорооллын 1а, 1б, 38, 39-р байр, Хараа зочид буудал зэрэг 5 барилгыг анх дулаанаар ханган Дархан хотын Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хөгжлийн түүх эхэлсэн байна.
Дархан хотын ДЦС-ын нэгэн цех болж ажил бүтээлийн гараагаа эхэлсэн манай “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь 1990 оноос хойш бие даасан байгууллага болж хөгжсөн 30 жилийн хугацаандаа Дархан хотыг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангасаар ирсэн нь үе үеийн ахмадууд болон өнөөгийн ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг   хэлэхэд таатай байна.
Өнөөдрийн байдлаар манай компани 9 алба хэлтэс 192 ажилтантай ба Дархан хотын 13791 айл өрх, 1646 ААН, байгууллагыг дулааны эрчим хүчээр ханган, жилд дунджаар 538 мянган Гкал дулаан түгээж, 10,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой мэргэжлийн байгууллага болсоны зэрэгцээ Монгол орны эрчим хүчний салбарын хэмжээнд хүндтэй байрыг эзлэх болжээ.
 “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй найдвартай хангах  үйл ажиллагаагаа орчин үеийн хөгжил дэвшилийн чиг хандлаганд нийцүүлэн байгальд ээлтэй, үр ашигтай ухаалаг эрчим хүчний системийг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж чадавхижуулах зэрэг олон олон бүтээн байгуулалт, шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсээр  байна.
Түүхт 30 жилд өмнөө тавьсан зорилго зорилтоо биелүүлж ирсэн  манай үе үеийн удирдлагууд, ТУЗ-ын дарга, гишүүд, ахмадууд, анхдагчид, тэдний хөдөлмөрийг улбаалан өртөөлж авсан дунд үеийхэн, өнөөдрийн залуучууддаа  Дархан хотын дулаан хангамжийн систем үүсэж хөгжсөний 55 жил, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн  30 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“ДДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал                                                 Д. Гантуул

sign
Back to top button
Close